Friday, 2017-07-21, 05:31:26
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Хүүхдийн олимпийн аварга Г.Эрдэнэболд: Миний мөрөөдөл Лондонгийн олимпод оролцож амжилт үзүүлэх

Сингапурт болсон Хүүхдийн анхдугаар олимпийн наадамд шавилхан биетэй нэгэн хүү олимпийн аварга цолыг хүртэж, харийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж байсан нь саяхан. Тэрбээр энэхүү амжилтаараа Монголын гимнастикийн шинэ эрин үе эхэлснийг дэлхийд зарласан юм.

Хөнгөн шингэн алхаатай, сэргэлэн цовоо хэдий ч үг дуу цөөтэй Г.Эрдэнэболд хүүтэй Гуанжоугийн Азийн XVI наадамд мордохын өмнөхөн бэлтгэлээ хийж байхад нь цөөн хором уулзаж ярилцлаа.

-Дасгалжуулагчаас тань 30 минутын уулзах эрх авлаа. Бэлтгэл хийгээд тун завгүй байна уу?
-Тийм ээ. Завгүй л байна. Энэ наадам өмнөх тэмцээнүүдийг бодвол насанд хүрэгчдийнх гэдэг утгаараа надад маш их хариуцлага ногдож байгаа. Тиймээс бэлтгэлдээ өдрийн ихэнх цагийг зарцуулж байна.

-Өдрийн ихэнх цагийг зарцуулна гэхээр их ядардаг байх даа?
-Спортоор хичээллэж эхэлж байхад их ядардаг л байсан. Сүүлдээ байнгын бэлтгэл хийгээд ирэхээр дасчихдаг юм билээ. Харин ч хөдөлгөөнгүй байхаар бие сульдаж чилээд ядраад байдаг болчихсон.

-Энэ удаагийн тэмцээнд амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа юу?
-Гимнастик хүнээс маш их авьяас чадвар, тэсвэр тэвчээр шаарддаг спорт. Гуанжоугийн Азийн наадам томчуудын хүрээнд, хүчтэй өрсөлдөгчдийн дунд өрнөх болохоор хамаг хүч бололцоогоо дайчлаад оролцоно гэж бодож байна.
 
-Маргааш Гуанжоуг зорино. Сэтгэл хэр догдолж байна?
-Өө, олон улсын чанартай маш олон тэмцээн уралдаанд оролцож байсан болохоор тийм ч их догдлохгүй л байна.

-Хамгийн анх спортод хэзээ хөл тавьсан бэ?
-Би 12 настайгаасаа эхлэн өдгөө 17 нас хүртлээ энэ спортоор хичээллэж байна. Анх ээж маань намайг хичээлийн бус цагаар бие хөгжүүлэх хэрэгтэй хэмээн Т.Алтантөгс багш дээр шавь оруулж байсан.

-Танай ээж, аав хоёулаа гимнастикийн тамирчин байсан гэв үү?
-Тийм ээ. Манай аав, ээж хоёр спортын гимнастикийн зэрэгтэй. Бас аавын ах дүү нар бүгд гимнастикийн спортын мастер цолтой.

-Ээж тань нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа чамайг энэ спортод хөл тавиад удаагүй байхдаа амжилт гаргаж эхэлсэн гэж байсан...

-Би 2005 он буюу спортоор хичээллэж эхэлсэн жилээ хотын аварга, улсын аваргаас тус бүр мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Сахад болсон хүүхдийн наадмаас хүрэл, Москва улсад зохиогдсон олон улсын "А” зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медалийг тус тус авч байлаа. Түүнээс гадна Японд болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс харайлтын төрөлд мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авсан.

-Анх спортод хөл тавьж байхдаа энэ их амжилтыг гаргана гэж төсөөлж байв уу?

-Төсөөлж байгаагүй. Гимнастикаар хичээллэх тусам амтанд нь орж өөртөө зорилго тавьж эхэлсэн. Би бусад хүүхдүүдийг бодвол насаар нэлээн хожуу орсон болохоор бие халаалт болон бусад дасгалуудад их хүнд санагдаж байсан. Эхний хоёр жилдээ шантраад болимоор ч санагдах үе байлаа. Гэлээ ч "би чадна шүү” гэж өөртөө хэлсээр өдийг хүрсэн.

-Олимпийн аварга боллоо. Энэ өндөрлөгт хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Мэдээж багш маань. Намайг анх гимнастикаар хичээллэж эхлэх үед Т.Алтантөгс багш олон улсын чанартай тэмцээн уралдаанд дагуулан явж туршлага судлуулдаг байсан. Мөн намайг өдий болтол зоригжуулж дасгалжуулж байна. Энэ ялдамд багшдаа баярлаж явдгаа илэрхийлэн тандаа хайртай шүү гэж хэлье.

-Спортын гимнастик энэ хугацаанд чамд амжилтаас гадна юуг өгсөн бэ?

-Миний хувьд маш их зорилготой, эрч хүчтэй болсон юм уу даа. Гимнастикийн спортоор өөрөө л хичээж хөгжихгүй бол намайг хүлээгээд байна гэж байхгүй. Тиймээс ямагт хурдтай ахицтай байх нь чухал.

-Гимнастикийн спорт бусад спорттой харьцуулахад юугаараа давуу талтай байдаг бол?
-Наад зах нь гэхэд л олон төрөлд амжилт гаргах боломжтой. Нийт зургаан төрөлтэй. Гэлээ ч манай Монголын нөхцөлд зургаан төрлөөр хөгжинө гэдэг хэцүү л дээ. Учир нь ганц биеэ хуваан хэрэглэл бүр дээр мэргэшиж хичээллэх шаардлага тулгарна. Тэгээд ч манай орны хувьд гадаадын улс орнууд шиг бүх төрлөөр нь хичээллэх боломж нөхцөл тааруу байна.

-Чи аль төрлөөр илүүтэй хичээллэх сонирхолтой вэ?
-Би бүх төрлөөр хичээллэж байгаа. Харин миний амжилт гаргаж чадах хамгийн сайн нь харайлтын төрөл, цагирагт дүүжин, чөлөөт хөдөлгөөний төрөл гэж хэлж болно. Гэхдээ бүх төрлөөр нь л амжилт гаргахыг хүсч байна.



-Спортод амжилт гаргах нууц нь юунд байдаг юм бол?

-Багш нь сайн байгаад тамирчин нь үр дүнгүй байвал хэцүү, шавь нь сайн боловч дасгалжуулагч нь шаардлага тавьдаггүй бол мэдээж амжилт гаргахгүй. Тэгэхээр багш шавь хоорондоо маш сайн харилцаатай байж ойлголцож хамтдаа зүтгэх нь амжилт гаргахын үндэс юм болов уу.

-Яг одоо чамд хамт хичээллэж байгаа үеийнхэн дотроос өрсөлдөгч бий юу?
-Надтай өрсөлдөж байгаа хоёр л хүүхэд байдаг. Нэг нь надаас нэг ах, нөгөөх нь ганц насаар дүү. Ингээд л багш дээрээ гурвуулаа хичээллэдэг. Уг нь бид баг бүрдүүлээд олуулаа хичээллэдэг байсан. Гэвч ганц нэгээрээ гарсаар байгаад гурвуулаа үлдсэн.

-Чиний бахархал юу вэ?
-Мэдэхгүй. Олон хүн надаас ингэж асуудаг. Би яагаад ч юм хариулж чаддаггүй.  

-Тэгвэл олимпийн аварга цолыг хүртэж байх агшинд өөрөөрөө бахархах сэтгэл төрж байв уу. Монголын гимнастикийн спортын түүхэнд алтан үсгээр сийлэгдэх агшин боллоо гэж шуугиж байсан...
-Яг үнэнийг хэлэхэд өөрөөрөө бахархаагүй ээ. Надаас илүү зөндөө олон сайн тамирчид байсан.



-Энэ намар шинэхэн оюутан болсон. Хичээл нь ямаршуу байх юм?
-Би урилгаар МУБИС-д "Биеийн тамир – эрүүл мэнд”-ийн ангид суралцаж байгаа. Оюутан болно гэдэг Ерөнхий боловсролын дунд сургуульд сурч байхаас огт өөр юм билээ. Ангийн андуудтай олон жил хамт суралцаж дасчихсан болоод ч тэр жаахан уйтгартай л байна.

-Чи нэгэн сонинд математикт их сонирхолтой байсан гэж хэлсэн байсан.

-Тийм ээ. Би математикт их сонирхолтой. Спортоор яваагүй бол МУИС юм уу ШУТИС-д инженер, электроникийн чиглэлээр сурах байлаа. Аав математикийн чиглэлээр сургах сонирхолтой байсан бол ээж амжилт гаргаж чадах чиглэлээрээ тууштай явсан нь дээр гэж зөвлөж байсан. Тэгээд л спортоо хөөхөөр шийдэж МУБИС-д сурч байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Надад бараг чөлөөт цаг гэж байдаггүй. Хичээлээ тараад л гимнастиктаа явна. Харин амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх дуртай. Ер нь залуу насандаа хүн илүү их зүйл бүтээхийн тулд завгүй байх хэрэгтэй гэж боддог.

-Хааяа бусад үеийнхнийхээ жишгээр ангийнхантайгаа эсвэл найз нөхөдтэйгээ "шоудах” үе гардаггүй гэж үү?
-Надад тэгж явах зав байдаггүй. Үеийнхээ хүүхэд залуустаа хандаж сурч боловсрох залуу насаа хий дэмий зүйлд битгий өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна.
 
-Чиний хобби юу вэ?
-Спорт. Зав л гарвал би спортоор хичээллэж сонирхон судалж байдаг.

-Өөрийгөө цөөн үгээр тодорхойлбол?
-Би өөрийгөө яаж тодорхойлох вэ дээ. Миний эргэн тойрныхон л мэдэх байх.

-Тэгвэл хэр зоригтой вэ?
-Зориг багатай. Ялангуяа бэлтгэл дээрээ шинэ элемент туршиж үзэхдээ их эмээдэг. Гэлээ ч нэгэнтээ хийж сурахаас хойш гээд л нүдээ аниж байгаад л оролдож үзнэ.

-Ичимхий юу?
-Бага зэргийн ичимхий байж магадгүй.

-Нууц биш бол найз охинтой юу?
-Байгаа. Үерхээд гурван сар болж байна.

-Мэдээж чи дэлхийн цөөнгүй оронд очиж байсан байх. Аль орон чамд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Хон-Конгийн орчин нөхцөл нь, Солонгосын хүүхдийн парк нь надад хамгийн их таалагдсан. Мөн Сингапур надад маш их сэтгэгдэл үлдээсэн. Гудамжныхаа шороог тоос сорогчоор соруулж байна гэхээр ямар цэвэрхэн хот гэдэг нь тодорхой байгаа биз дээ.

-Тэгвэл чиний цаашдын зорилго?
-Мэдээж дэлхийн тавцнаа нэрээ дуурсгах. Ингэхийн тулд ойрын зорилтуудаа шат дараалан хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг одоо би 2012 оны Лондонгийн олимпийн эрхийг авах тэмцээнүүдэд амжилттай оролцохыг хүсч байна. Миний мөрөөдөл бол Лондонгийн олимпод оролцох. Тиймээс надад хийх зүйл маш их байна.

-Үеийнхээ хүүхэд залууст хандаад юу гэж хэлмээр байна?
-Хүсч байгаа бүхэндээ тэмүүлж, зорилгоо биелүүлээрэй. Эх орондоо сайн үйлс хийгээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Гуанжоу хотод болох Азийн спортын наадамдаа амжилттай оролцож ганзага дүүрэн ирэхийг хүсье.
Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  July 2017  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |